
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр (2024.12.17) БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Нгуен Дуан Танийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, ноён Нгуен Дуан Тань Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өрнөхөд хоёр улсын төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлал томоохон түлхэц үзүүлсэн талаар онцолсон. Улмаар Кибер аюулгүй байдлын тухай олон улсын эрх зүйн дүрэм, журам, стандартыг хөгжүүлэн сайжруулах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргууд, чухал мэдээллийн дэд бүтцийн хамгаалалт чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд, хууль тогтоомжийн төсөл боловсруулахад урьдчилан судалгаа хийх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг төгөлдөржүүлэх, хууль тогтоомжийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хэрэгжилтийн талаар харилцан туршлага солилцох, түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сайжрахын хэрээр харилцан аялагчдын тоо нэмэгдэж буй тул хоёр орны иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн.
Талууд мөн хоёр улсын хууль зүйн салбар дахь цаашдын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцлоо. Төгсгөлд нь, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл эрхэм Элчин сайдаар дамжуулан БНСВУ-ын Хууль зүйн сайдыг Монгол Улсад айлчлахыг албан ёсоор урилаа.
Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Монгол Улс дахь БНСВУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Нгуен Ды Нгиа нар байлцлаа.


